Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг 6 байгууллагын төлөөлөлтэй уулзаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тодруулбал, зам тээврийн осол хэрэг, зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Тус прокурорын газраас “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг 2024 онд 58, 2025 онд 94, 2026 оны 1 дүгээр улиралд 21 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь нийт хэргийн 30 орчим хувийг эзэлж байна.
Мөн нийт зөрчлийн 20-30 хувийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил эзэлж байгаа бөгөөд 2024 онд 623, 2025 онд 647, 2026 оны 1 дүгээр улиралд 216 зөрчил бүртгэгджээ.
Тодруулбал, Говь-Алтай аймагт гарч байгаа 3 хэрэг тутмын нэг нь зам тээврийн осолтой холбоотой байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Тиймээс аймгийн прокурорын газраас жолооч бэлтгэдэг сургалтын төвийн үйл ажиллагааг сайжруулах, жолоодох эрхийн шалгалт авах журамд хууль эрх зүйн мэдлэг олгох сорилын асуултыг нэмж оруулах саналыг “Авто сургуулиудын холбооны төв зөвлөл”-д уламжлахаар шийдвэрлээд байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар